Физиологийн лекц - 3

2012-01-24 11:01

  Төв мэдрэлийн тогтолцооны физиологи

Төв мэдрэлийн тогтолцоог (ТМТ) тархи, нугас хоёр бүрдүүлнэ. ТМТ бие махбодод дараах үндсэн үүргийг гүйцэтгэнэ.

  1. Бие махбодын бүрэлдэхүүн хэсгүүдийг нэгтгэн удирдах
  2. Бие махбодын хүрээлэн буй орчиндоо дасан зохицох боломжийг нэмэгдүүлэх

Мэдрэлийн төв, түүний ерөнхий шинжүүд

Бие махбодийн тодорхой үйл ажиллагааг тохируулах үүрэг бүхий төв мэдрэлийн тогтолцооны нэг буюу хэд хэдэн хэсэгт байрласан, үйл ажиллагаагаараа холбогдсон нейронуудын бөөгнөрөлийг мэдрэлийн төв гэнэ.

Мэдрэлийн төвийн үндсэн шинжийг бүрдүүлэгч хүчин зүйлс:

  1. Мэдрэлийн төвийг бүрдүүлж буй эсүүдийн шинж
  2. Нейронуудын бүтэц-үйл ажиллагааны онцлог
  3. Төвийн синапсийн шинж чанар

ТМТ-ны саатал

ТМТ-ны саатал гэдэг нь нэг хүчтэй сэрэл нөгөө сэрлээ дарангуйлах үйл явц юм.

Саатлын ангилал:

1.       Синапсын дараах саатал /Аксон-их бие, аксон-дендритийн синапст саатуулагч нейроны нөлөөгөөр явагдана./

2.       Синапсын өмнөх саатал /Аксон-аксоны синапст явагдана./

3.       Эргэх саатал /Нейроны аксоны салаа эргээд нейронд саатуулах нөлөө үзүүлнэ./

4.       Пессимум саатал /Төвийн нейроны саатлын хэлбэр бөгөөд өндөр давтамжтай цочруулаар үүсгэгддэг./

ТМТ-ны тусгай хэсгийн физиологи

Нугасны үйл ажиллагаа үечилсэн бүтэцтэй. Нугасны арын эврээр мэдрэхүйн мэдрэлийн ширхэг орж, урд эврээр хөдөлгөөний мэдрэлийн ширхэг гардаг. Үүнийг Белл-Мажандын хууль гэнэ.

Нугасны дамжуулах замууд

Нугасны дамжуулах замыг үйл ажиллагаагаар нь 3 ангилдаг.

1.       Нугасны өөрийн зам – нэг болон янз бүрийн сегментүүдийн эсүүдийг хооронд нь холбоно

  1. Нугас-тархины зам (өгсөх) нугасны сегментүүдийг тархины бүтцүүдтэй холбоно
  2. Тархи-нугасны зам (уруудах) – тархины нейронуудаас эх авч нугасны сегментүүдийн нейронд төгсөнө

Эдгээр замууд ухамсартай хөдөлгөөнийг тохируулахад оролцоно.

Тархины багана хэсгийн физиологи

Тархины багана хэсэгт уртавтар тархи, варолиевийн гүүр, дунд тархи, завсрын тархи, бага тархи хамрагдана. Тархины багана хэсэг нь янз бүрийн зан төрхийг хэрэгжүүлэх, түүнд бэлтгэх үйл явцыг харуулдаг. Тархины багана нь дамжуулагчийн ба холбох үүрэгтэй.

Завсрын тархи

Хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ.

1.       Таламус

2.       Гипоталамус

Таламусаар үнэрлэхүйгээс бусад бүх мэдрэхүйн замууд явна. Гипоталамус нь дулаан үүсэлт ба алдалтын, цадах, сэтгэл хөдлөлийн төвүүдийг бий болгодог.

Бага тархи

Бага тархи нь хөдөлгөөний нарийн нийлмэл үйл ажиллагааг хангана.

Уртавтар тархи

Уртавтар тархинд амьсгал авах, гаргах төв, судас хөдөлгөх төв байрлана. Уртавтар тархи олон чухал хамгаалах рефлексүүдийг хэрэгжүүлэхэд оролцдог. Хоол боловсруулах үйлтэй холбоотой угсраа хөдөлгөөнүүдийг хариуцдаг. Биеийн байрлалыг тохируулах үйлдэлд оролцдог.

Дунд тархи

Дунд тархи 4 толгод, 4 хөлөөс тогтоно. Тархины хөлийн дээд хэсэгт улаан бөөм орших ба энэ нь булчингийн чангаралыг тохируулж байдаг. Тархины хөлд байрлах хар бие нь гарын уран нарийн оновчтой хөдөлгөөнийг удирдана. Нүд хөдөлгөх мэдрэлийн бөөм нь нүдний дээд зовхийг өргөх, нүдийг дээш, доош, дотогш хөдөлгөх үүрэгтэй. Дөрвөн толгод нь хараа сонсголын баримжаалах рефлексийн төв болдог.

Торлог байгууламж

Торлог байгууламж нь нойрсох механизмд оролцдог. Торлог байгууламж нь их тархины гадар, суурийн зангилаанууд, бага тархи, дунд тархи, уртавтар тархи болон нугастай холбоотой цогцолбор бүтэц юм. Торлог байгууламжийн үндсэн үүрэг нь их бага тархи, таламусын идэвхжлийн түвшинг тохируулахад оролцоно.

Их тархины гадар

ИТГ бол ТМТ-ны дээд хэсэг бөгөөд БМБ-ын үйлдэл төрх болоод сэтгэцийн үйл ажиллагааг зохицуулдаг. Их тархины гадарын гадаргуу ихсэх тусам мэдрэлийн судлын тоо олширдог. Уураг тархи бор болон цагаан бодисноос тогтох ба түүний бор бодис нь ИТГ-ыг үүсгэхэд оролцдог. ИТГ-ыг 2 тал бөмбөлөг болгон хуваана. Төв атирааны доод хэсэгт үнэрлэх мэдрэхүйн бүс, төв атирааны лийр хэлбэртэй хэсгийн өмнө амтлах мэдрэхүйн бүс, тархины зүүн тал бөмбөлөгийн духны орчим Брокын төв, зүүн тал бөмбөлөгийн чамархай орчим Верникийн төв, зүүн тал бөмбөлөгийн дагзны орчим бичгийн хэлний төв, зүүн тал бөмбөлөгийн зулай орчим болзолт рефлекс үүсэх төв байдаг. Эдгээр төвүүд гэмтэхэд хэл ярианы өөрчлөлтүүд гарна.

ИТГ-ыг бүрдүүлж байгаа эсүүд 6 давхарга үүсгэн үелэж байрладаг. ИТГ-ын эсүүдийг тахралтаар нь 53 талбайд хуваадаг. ИТГ-ын талбай дэлгэцийн зарчмаар ажиллана. Энэ нь рецептороос мэдээлэл зөвхөн нэг эсэд бус өөр хоорондоо холбоотой олон эсэд очих зарчим юм. ИТГ-т явагдаж буй үндсэн үйл явц нь сэрэл, саатал бөгөөд энэ нь үргэлж сэлгэх зарчмаар явагдана.

ИТГ-ын үйл ажиллагааны байдлыг тогтоох нь бэрхшээлтэй боловч хамгийн өргөн ашигладаг аргын нэг нь тархины биогүйдлийг бичих арга юм. Хүний хуйханд электрод тавьж бичихийг Электроэнцефалографи - ЭЭГ /электро-цахилгаан, энцефало-тархи, графи-бичлэг/ буюу тархины цахилгаан бичлэг гэж нэрлэдэг. 

Like | Ангилал : Физиологи | Нийтэлсэн : battamir | Уншсан (2806) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл